Хуульчдын баярт зориулсан спортын тэмцээн амжилттай боллоо

    Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас хуульчдын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, нийт хуульч, хуулийн байгууллагын ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцах зорилгоор “Хуульчдын баяр” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулалаа.

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү нэгдсэн арга хэмжээнд Шүүх, Прокурор, Цагдаа, Өмгөөлөл, Нотариат, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн албан хаагчид оролцож гар бөмбөг, дартс, олс таталт зэрэг спортын гурван төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.

    Гар бөмбөгийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй холимог багаар явуулсан бөгөөд тэргүүн байранд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ч.Бямбажаргал ахлагчтай баг шалгарсан бол удаах байранд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хангах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч н.Хуншагай ахлагчтай баг шалгарч, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ганзориг ахлагчтай баг гуравдугаар байранд орсон амжилтыг үзүүллээ.

    Дартсны тэмцээнийг байгууллагын удирдлагуудын дунд явуулж тэмцээний  тэргүүн байранд Хөвсгөл аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Л.Цогтбаяр шалгарч, удаах байранд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат шалгарсан бол Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр гуравдугаар байранд орсон амжилттайгаар тус тэмцээнийг өндөрлүүллээ.

    Харин олс таталтын тэмцээнийг багуудын хооронд баг тус бүрээс эрэгтэй 4, эмэгтэй 4 хүнийг бүрдүүлэн өрсөлдүүлсэнээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар ахлагтай баг тэргүүн байранд шалгарч, удаах байранд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү ахлагчтай баг шалгарсан бол Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын орлогч дарга цагдаагийн хошууч н.Оргилболд ахлагчтай баг гуравдугаар байранд шалгарсан амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

Тэмцээнд оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар