Хамтарсан уулзалт-ярилцлага зохион байгууллаа

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн удирдах болон гүйцэтгэх албан хаагч нартай хамтарсан уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалтаар 2021 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг гуравдугаар улирлын байдлаар дүгнэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны А/116, 65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам,” “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

Мөн уулзалтын үеэр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Жамбалдорж Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академи хамтран зохион байгуулсан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчид зориулсан сургалтад оролцсон талаар мэдээлэл өгч, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны гүйцэтгэлийн байдалд дүн шинжилгээ хийж гарсан үр дүнгийн талаар танилцууллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг