Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс хамтран “Зөв зөвд шударга зөв”, “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аяны хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр Чингүнжавын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгт төрийн болон хууль хяналтын байгууллага, үйлчилгээний салбарын нийт 21 байгууллагууд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг өгч оролцсон бөгөөд Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас иргэдэд анхан болон давж заалдах шатны шүүх, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг танилцуулан холбогдох хууль, журмуудыг сурталчилж, шүүхэд мэдүүлэх эрх буюу нэхэмжлэл, өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, гарын авлага, танилцуулга, боршур зэргийг тараалаа.

Мөн шүүхээр үйлчлүүлсэн болон үйлчлүүлээгүй иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулга авах ажлыг зохион байгуулж, санал асуулга авахдаа хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлгүй, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүллээ.

Түүнчлэн энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Мустанг 5” маркийн мотоциклийг согтуурлын зэрэг хэмжигч буюу драйгерын хамт Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшинд гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг