Хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа

Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газраас гавьяаны амралтаа авч буй Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайванд зориулж хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа.

            Хүндэтгэлийн хуралдаанд Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, прокурорын байгууллагын төлөөллүүд оролцов. 

Хуралдааны үеэр Ерөнхий шүүгч Б.Энхтайван нь 30 гаруй жил шүүгчээр ажилласан дурсамжаа хуваалцаж, хуралдаанд оролцсон шүүгч, ажилтан, прокуроруудад шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүсэж байлаа.

Мөн хуралдаанд оролцогчдын зүгээс Ерөнхий шүүгч Б.Энхтайванд талархсан сэтгэгдлээ илэрхийлж, цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүссэхийн зэрэгцээ Шүүхийн тамгын газраас түүний нөмрөг, шүүх хуралдааны танхимд хэрэглэж байсан алх зэргийг дурсгал болгон хүлээлгэн өгч тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчээр сонгогдсон Ж.Ганчимэгт баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.

Ерөнхий шүүгч Б.Энхтайван нь 1983 оноос 1990 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн ба 1990 оноос Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын АДХГЗахиргаанд нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж, Хөвсгөл аймгийн хэсгийн Ардын 1 дүгээр шүүхийн шүүгчээр 1992 оноос 1993 он хүртэл, Хөвсгөл аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 1993 оноос 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 02 дугаар 06-ны өдөр хүртэл, Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн шүүгчээр 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 05 дугаар 09-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тасралтгүй Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилласан.

Тэрээр  шүүгчээр томилогдон ажилласнаас хойш 1996 онд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс шүүн таслах ажлын үзүүлэлтээр  тэргүүлж  1 дүгээр байранд, 1998, 2001, 2003 онуудад аймгийн шүүхийн шүүгчдээс, Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдээс 2004, 2007, 2010 онуудад,  Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдээс 2012, 2013, 2017, 2018, 2020 онуудад шүүн таслах болон бусад ажил дүгнэх үзүүлэлтээр хамт олноо тэргүүлж “ШИЛДЭГ ШҮҮГЧ” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байжээ.

Түүний шүүхийн байгууллагад он удаан жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг төр засгаас үнэлж 2002 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, 2006 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт” тэмдгээр, 2010 онд “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2013 онд “Төрийн албаны хүндэт тэмдэг”, 2018 онд “Алтан гадас” одон, 2021 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнажээ. 

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болсон эрхэм Ерөнхий шүүгч таньдаа цаашдын амьдралд нь  аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг