Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэн хэргийн давж заалдах шатны шүүхийн тойм

Бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдэд ял оногдуулав

 

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2023/ДШМ/01

Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 01 дүгээр сарын 04

Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр болоогүй шийдвэр

 

            Шүүгдэгч … настай, эрэгтэй Б нь “хүчиндэх” гэмт хэрэгт холбогдсон, прокуророос түүнийг “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”,  “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгчдэгч Б нь бага насны хүүхдүүд болох Т, У нарт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн харьцаанд орж байгаа видео бичлэг үзүүлсэн, улмаар хохирогч Т-ын  бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ оруулсан, хохирогч У-ийн бэлэг эрхтэнд гараа оруулсан зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуульд зааснаар дээрх үйлдлүүдийг “хүчиндэх” гэмт хэрэгт тооцох бөгөөд уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл болно.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-г хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, түүнчлэн, “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 19 (арван ес) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас ...ялтны хувийн байдлыг тогтоогоогүй, … хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь үнэмшилгүй байна, … хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх агуулгааар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, тогтвортой мэдүүлсэн, гэмт хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгчдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж, гомдлыг хангахгүй орхисон байна.

САНАМЖ: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Хураангуй бэлтгэсэн: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат