Хамтарсан уулзалт зохион байгуулав

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдал, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх, хуяглан хүргэх, дэг сахиулахтай холбоотой гаргасан журмуудын хэрэгжилтийг хангахад хоёр байгууллагын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хөвсгөл аймгийн Цагдаагийн газартай хамтарсан уулзалт зохион байгуулав.

Тус уулзалтад Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Алтанцоож, тус газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтанцог, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Жамбалдорж, шүүгчийн туслах Н.Дагидандорж нар оролцлоо.

Уулзалтаар 2023 оны хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний заалт тус бүрийг хэрэгжүүлэх, хамтарсан тушаалаар баталсан дээрх журмуудын хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргын зүгээс шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, тогтвортой ажиллуулахад анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг